Wednesday, 28 October 2015

Ундуу амьдрал дундаас гялалзаж гарч ирсэн алдартнууд

ундуу амьдрал дундаас гялалзаж гарч ирсэн алдартнууд

Одууд  | 2015 / 09 / 22
Хүн бүрийн амьдрал шулуун дардан байдаггүй. Магадгүй чиний одоогийн байгаа нөхцөл байдал ч хүндхэн байгаа байх. Минийх ч мөн адил одоогийн байдлаар олон саад, даваатай тэднийгээ нэг нэгээр нь даван туулах гэж хичээж л явна. Харин би эдгээр олны танил хүмүүсийг түүхийг уншиж үзэхэд ээлж дараа гэж байдаг гэдэгт улам итгэх болсон шүү. Одоо чамд хэцүү байгаа ч дараа нэг өдөр сайхан байх цаг заавал ирнэ.

Ингээд тарчигхан, хүндхэн амьдралаас алдар нэрд хүрсэн олны танил хүмүүсийн товч түүхийг хүргэе.

1. Шиа Лабааф
Түүний эцэг эх нь хоёул урлагийн хүмүүс байсан ч амжилт гаргаж чадаагүй болохоор гэр бүлийн орлого нь тун муу байсан гэдэг. Тарчигхан өссөн жүжигчин залуу маань “Одоо бол би ядуу биш. Гэхдээ ядуу зүдүү байна гэж ямар байдгийг сайн мэднэ. Одоогийн байгаа өнцгөөсөө би эргэж тэр үеэ харахад талархах сэтгэл төрдөг шүү” гэжээ.
2. Леонардо ДиКаприо
Бага насандаа орлого багатай, гэмт хэрэг ихтэй дүүрэгт амьдарч, амьдралын хамаг л хар бараан зүйлсийг даван туулж байсан нь түүний хүмүүжилд эерэг нөлөөг үзүүлсэн гэж хэлж болно. Буруу замаар орж, амьдралаа үрэн таран хийлгүй явсаар жүжигчиний замаар замнаж нэрийг нь хэлэхэд хэн ч танихаар алдар нэртэй нэгэн болсон билээ.
3. Дэми Мур
Холливудын алдарт жүжигчидийн нэг болох Дэми Мур машины чиргүүлд өссөн нэгэн. Санхүүгийн хүндрэлтэй маш олон асуудал байдаг байсан ч тэрээр багаасаа алдартай жүжигчин болохыг хүсдэг байсан мөрөөдлөө орхилгүй бэрхшээлийг мөрөөдлөөрөө жигүүрлэн даван туулсан юм.
4. Лейтон Мийстэр
Түүний бүтээсэн анхны дүр болох “Gossip Girl” цувралын Блэйк нь түүнийг тэгтэл нь алдартай болгоогүй ч эгэл жирийн байдлаар тодроход нь тусалсан юм. Жүжигчин бүсгүй маань шоронд төрсөн бөгөөд ээж нь хар тамхины хэргээр хоригдож байх үедээ төрүүлсэн байна. Харин тэрээр огтхон ч үүнийгээ бусдаас нууж, эмзэглэдэггүй.
5. Селена Гомез
Дуучин, жүжигчин бүсгүй маань багадаа ядруухан амьдарч байснаа бусдаас огт нуудаггүй бөгөөд харин ч тэр үеэ марталгүй эргэн санаж байх дуртай. Түүний нэгэн сэтгүүлд өгсөн ярилцагад “Намайг бага байхад бидэнд шатахуун авах мөнгө байгаагүйгээс машин маань унтарч, төв замын голд зогсож байснаа тод санадаг юм” гэж ярьсан байдаг.
6. Скарлет Йохансон 
Холливудын дур булаам жүжигчидийн нэгд тооцогддог жүжигчин бүсгүй маань “Daily Mail” -д өгсөн нэг ярилцлагадаа “Бага байхдаа мөнгөгүй үнэхээр хэцүү байдаг байсан. Харин одоо мөнгөтэй байх сайхан байна” хэмээн шударга хариулсан байдаг.
7. Кэлли Кларксон
“Бие даасан бүсгүй” гэсэн тодотголтой дуучин бүсгүй маань багадаа маш ядуу зүдүүгээс гадна гэр бүл нь тогтворгүй байснаас нөхрөө өөрийнхөө нэг тал гэж боддоггүй хэмээн ярьсан байдаг. Нөхөр маань нэг бүхэл ертөнц би өөрөө бас нэгэн бүхэл ертөнц болохоор бие биенийхээ хувийн орон зайг байнга хүндэлдэг хэмээжээ.
8. Эд Шийран
24 –хөн настай ч гайхалтай хит дуунуудаар бидний чихийг мялаагч дуучин залуу маань үргэлж мөнгөтэй, баян байгаагүй ажээ. “A Visual Journey” хэмээх номондоо Букенгэмийн ордны гадаа гудамжинд хоног төөрүүлж байсан тухайгаа бичсэн байдаг ба 2 жилийн турш орон гэргүй амьдарсан гэдэг.
9. Никки Минаж 
Хөгжмийн наадмуудаас дээд шагналуудыг нь түүж, тайзыг эзэгнэдэг дуучин бүсгүй маань хэдэн жилийн өмнө Африкийн Тринидад болон Нью Йоркийн Queens-т амьдарч, баян болох талаар мөрөөдөж байсан гэвэл итгэх үү? Гэхдээ тэрээр ядуу амьдралаа өөрийгөө хөдөлгөх хүч болгон ашиглаж, ухаалаг байж чадсан гайхалтай бүсгүй.

Заавал унш

Диснейн хүүхэлдэйн кинон дээрээс авсан 15 сургамжит ишлэл

Энтертаймэнт  | 2015 / 10 / 01
Надад хааяа нэг “муу ёрын” бодол орж ирдэг юм. Бидний ач, гучийг төрөх үед Дисней байхгүй болчихсон байвал яана аа гэж. Түй гэж 3 нулиммаар бодол байгаа биз? Диснейн хүүхэлдэйн кинонууд бидний хүүхэд насны итгэл үнэмшлийг бүтээж, юу сайн, юу муу болохыг ойлгуулж, хүн болж төлөвшихөд маань маш том нөлөө үзүүлсэн гэж боддог юм. Анзааралгүй өнгөрүүлж байсан юм шиг мөртлөө, бид хүүхэлдэйн кино болгоны хэлэх гэсэн санааг нь толгойдоо хадгалсаар л байсан байх. Дараах 15 чухал ишлэл чамд одоо ч ахин нэгийг бодогдуулах болно.
Диснейн хүүхэлдэйн кинон дээрээс авсан 15 сургамжит ишлэл
1. “Тухтай бүсээсээ гарч азаа турш. Гарах үр дүнд нь чи харамсахгүй.” – Рапунзел, Tangled
2. “Чамайг доош нь чангаадаг тэр л зүйл чамайг дээш нь өргөх хүчтэй” – Тимоти хулгана, Dumbo
3. Тийм ээ, өнгөрсөн цаг хугацаа сэтгэлийн шарх үлдээх нь бий. Чи түүнээс нэг бол зугтаж болно эсвэл суралцаж чадна. – Рафики, The Lion King
4. Амьдралд сэтгэлээр унасан үедээ яах хэрэгтэй гээч. Ямар ч байсан сэлсээр л байх хэрэгтэй. – Дори, Finding Nemo
5. “Шавран дундаас цэцэглэсэн цэцэг хамгийн үзэсгэлэнтэй, ховор байдаг.”– Фа Зоу, Mulan
6. “Элэг эмтэрч байсан ч итгэсээр л байвал мөрөөдөл чинь биелэх болно.” – Үнсгэлжин, Cinderella
7. “Чи итгэдгээсээ илүү зоригтой, харагддагаасаа илүү хүчтэй, боддогоосоо илүү ухаантай шүү.” — Кристофер Робин, Winnie The Pooh
8. “Заримдаа хамгийн зөв зам хамгийн хэцүү нь байдаг.” -Удган мод, Pocahontas
9. “Хайр гэдэг бол бусдын хэрэгцээг өөрийнхөө хэрэгцээнээс түрүүнд тавихыг хэлнэ.” – Oлаф, Frozen
10. “Ямар нэг сайхан зүйл хэлж чадахгүй бол, юу ч битгий хэл.” – Товшигч, Bambi
11. “Охана гэдэг бол гэр бүл гэсэн үг. Гэр бүл гэдэг бол хэнийг нь ч, хэзээ ч орхигдуулахгүй гэсэн үг.”- Лило, Lilo and Stitch
12. “Чи ямар ч болж хувирсан, би чамайг үргэлж хайрлах болно.”- Белл, The beauty and the beast
13. “Заримдаа жижигхэн нандин зүйлс бидний зүрхний ихэнх зайг дүүргэдэг.”- Пиглет, Winnie The Pooh
14. “Өнөөдрийн онцгой мөчүүд маргаашийн дурсамж болдог.”- Хүсэл биелүүлэгч, Aladdin
15. “Бидний хувь тавилан бидний дотор оршдог. Түүнийг олж харах зоригтой л байх хэрэгтэй.”- Мерида гүнж, Brave

Охидоо

Чиний өөртөө итгэлтэй байдалд халдаж чадахгүй 3 зүйл

Чөлөөт цаг  | 2012 / 02 / 02
Мэдээж чи бол хаана ч явсан харцаа өргөж явдаг өөртөө итгэлтэй бүсгүй. Гэхдээ чиний өөртөө итгэх итгэл чин сэтгэлийнх үү, аль эсвэл өнгөн талынх уу? Үүнийг мэдэхэд амархан.
Чиний өөртөө итгэлтэй байдалд халдаж чадахгүй 3 зүйл
Хэрвээ чи сайхан эрийн гарнаас сугадаад явж байхдаа өөртөө итгэлтэй байдаг мөртлөө, ганц бие болоод ирэхээрээ эсвэл бүтэлгүй дурлалтай учрахаараа өөрийгөө анхаарахаа больдог зуршилтай бол чиний бардам зан зөвхөн өнгөн талынх бололтой. Бидний өөртөө итгэлтэй байдлыг зүлгэж өгдөг хэд хэдэн зүйл бий, мөнгө, гадна үзэмж, сайхан залуу, найз нөхөд. Гэвч энэ нь биднийг ямар хүндэлмээр эмэгтэй болохыг баталж өгдөг хүчин зүйлс болохоос, тэр чигтээ өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог бүрдүүлэгчид биш юм. Өөртөө итгэлтэй байдлыг чи зөвхөн дотроосоо бүрдүүлэх ёстой. Ямартай ч дараах 3 зүйл чамд нөлөөлдөг байх ёсгүй.
1. Эр хүн
Ганц бие болмогцоо л сэтгэл санаагаар унаж биеэ авч явах байдалдаа анхаарал хандуулахаа больж, өдөржин гэртээ бүгэж эхэлдэг бол чиний өөртөө итгэх итгэл эр хүнээс хамааралтай юм байна. Ганцаараа байхдаа ч бүрэн аз жаргалтай байж чаддагүй эмэгтэйчүүд, хоёулаа болсон хойноо өөрийгөө ор тас мартаж, зөвхөн тэр хүний төлөө амьдардаг юм шиг бүхнээ золиослох гээд байдаг талтай. Учир нь тэр өөрийнхөө үнэ цэнийг жинхэнэ утгаар нь таньж мэдээгүй яваа юм.
Тэдэнгүй л бол амьсгалж чаддаггүй мэт, үргэлж эрчүүдийг ангуучилж явдаг бүсгүйчүүд ч энэ төрөлд багтана. Өөрийнхөө чин хүслийг таниагүй мөртлөө бусдыг танина гэдэг боломжгүй зүйл. Хэрвээ чи энэ хэвээрээ л байх юм бол байнга бүтэлгүй дурлалтай учрах магадлалтай. Чи яг үнэндээ ямар хүнтэй байхыг хүсдэг вэ? Чамд зүгээр л эрэгтэй хүн хэрэгтэй юу, жинхэнэ чамд тохирох сайн залуу хэрэгтэй юу? Өөртөө ямар хүн тохирохыг олж мэдэхийг хичээ. Тэгэхийн тулд өөрийгөө тань. Хэсэг ганцаараа байж, зөвхөн өөрөөрөө сэтгэл хангалуун байж сурах нь чухал.
2. Нүүр будалт
Үзэсгэлэнт залуу бүсгүйчүүдийн минь дунд нүдэндээ гоёлын линз зүүхгүй л бол гэрээсээ гарч чаддаггүй, үгүй ээ гарахыг хүсдэггүй бүсгүйчүүд хэр олон бол? “Зүүгээд сурчихсан болохоор” гэдэг шалтагийг энд тооцмооргүй санагдана. Энэ үг бол өөрийгөө ямар нэг өөрийн биш юмаар халхлахгүй л бол олон хүний өмнө итгэлтэй байж чадахгүй байсаар байгаад “сурчихсан” гэдэгтэй утга нэг сонсогдоно. Сайхан гадаад үзэмж нь бидний өөртөө итгэлтэй байдалд нөлөөлдөг нь үнэн боловч, нүүр будалт, хувцас, гоо заслын бүтээгдэхүүнүүд байхгүй л бол харцаа гудайлгаж, ичих шалтгаан байхгүй юм. Учир нь тэдгээр өнгөн талын чимэглэл л чиний гоо сайхан биш. Чиний гоо сайхан бол ЧИ юм.
3. Найзууд
Нэг тийм найзууд байдаг даа. Чиний сэтгэлийг үе үе тайван биш болгож, бачимдуулж орхидог хирнээ, хамт байхад инээд наргианаар тасардаггүй. Чиний авсан шинэ хувцас болгоныг, шинэ найз залуу болгоныг чинь өөлж гоочилдог гэдгийг нь чи мэддэг мөртлөө тэдэнгүй л бол яагаад ч юм байж чаддаггүй. Ийм найзууд чиний имиджийн нэг хэсэг болсон байдаг учраас, чиний өөртөө итгэх итгэл тэднээс хамааралтай байгаа юм. Тэднээс салчих юм бол бусад хүн чамайг хүлээн зөвшөөрөхгүй мэт сэтгэгдэл төрдөг бол даруйхан өөрийнхөө тусгаар тогтнолыг тогтоо. Заавал тэднээс салах албагүй. Сэтгэлдээ өөрийгөө тэдэнгүйгээр төсөөлж чаддаг болгоход л болно.
Өнгөн талын өөртөө итгэх итгэл биш, энэ биеэ, энэ БИ-гээ гадны хүчин зүйлсийн нөлөөгүйгээр өргөж, хүндэлж явдаг чин сэтгэлийн итгэлтэй болоорой. Бусад бүх зүйл чамайг зөвхөн өнгөлөгч болохоос, чамайг бүрдүүлдэгч биш юм.

Жинхэнэ найзын 4шинж

Жинхэнэ найз гэж байдаггүй гэдэг үгийг хичнээн ч олон сонсов доо. Тэгсэн ч би жинхэнэ найз, үнэнч нөхөрлөлд итгэхээ хэзээ ч болиогүй. Яагаад гэвэл нөхөрлөл маань дахиад олон олон жил үргэлжлэнэ гэдгийг баттай нотолдог шалтгаанууд бий болохоор тэр шүү дээ. Тэд чиний жинхэнэ нөхөд мөн л бол дараах чанарууд заавал байгаа.

Муудалцсан ч тэд чамайг хайрласан хэвээр л байдаг: Бүсгүйчүүд бидэнд муудалцах шалтгаан олон байдаг, нээрээ шүү! Ядаж бүгдээрээ амархан гомдож, амархан баярладаг “эргэх” холбооны системтэй эмзэгхэн улс. Гэсэн ч муудалцаж, дахиж уулзахыг хэсэгтээ хүсэхгүй болтлоо хагаралдсан ч нэгнийхээ царайг харах төдийд л зөөлөрч, дорхноо бууж өгөхийг хүсдэг шүү дээ. Эртээд болсон хэрүүл маргаанаас илүүгээр өчигдөр тохиолдсон сонин сайхнаа ярих л чамд чухал. Жинхэнэ найзууд. Тийм ээ, энэ чинь л байхгүй юу!
Эрэгтэй хүн ч нөхөрлөлийг чинь сүйтгэж чадахгүй: Хоёр сайн найз минь жилийн зайтай нэг залуутай үерхсэн юм. Хоёулаа удаан, хоёулаа гүнзгий харилцаа. Тэднийг уулзуулчихаад хоорондоо үг солилцохыг ч хүсэхгүй байх даа гэж бодтол яасан гэж санана! Хоёр хөөрхөн минь бие биенээ тэврээд асгартлаа уйлсан юм. Үл ойлголцлоос болоод уулзах ч гүй явсаар нэгнээ дэндүү санасан нь тэр байж. Одоо тэдний хэнийх нь ч амьдралд нөгөө залуугийн оролцоо байхгүй. Жинхэнэ найзуудын нөхөрлөлийг ямар ч эр хүн эвдэж чаддаггүй юм.
Гуравдагч этгээд та нарыг эвлэрүүлэх гэж оролцоно: Харж байгаа биз. Нөхөрлөл нь эргэн тойрныхонд чинь ч алдаж болохгүй үнэ цэнэтэй санагддаг болохоор хэн нэгэн гуравдагч этгээд та нарыг эвлэрүүлээхээр хичээж буй нь тэр юм.
Хол зай, урт цаг хугацаа асуудал биш: Хичнээн хол байсан ч, хэдэн жилийг тусдаа үдсэн ч эргээд уулзахад өчигдөрхөн салсан мэт дотно мэдрэмж бол та хоёрынх. Яагаад гэвэл сайн найзынх нь зүрхэнд чиний тасалгаа нэгэнт байрласан л бол хаалгыг нь хэдэн ч удаа хаасан гэсэн эргээд онгойхдоо тун амархан байдаг.
Дээрх шинжүүд байхгүй, та нарын нөхөрлөл нөхөрлөл биш юм шиг санагддаг бол магадгүй бурхан чамайг ганцаараа өөрийгөө бүрэн дааж авч явна гэдэгт үнэхээр итгэдэг болохоор л тэр байх. Сайн найзын туслалцаа,дэмжлэггүйгээр ч чамайг хүчирхэг нэгэн байна гэж хүлээлгэсэн түүний итгэлийг бүү алдаарай.

Цаг зарцуулаагүй зүйлдээ битгий гонсой

Цаг зарцуулаагүй зүйлдээ бүү гонсой

Чөлөөт цаг  | 2015 / 10 / 25
Арван жилийн төгсөх ангид байхдаа би ангийнхаа охидтой нийлж Японы их сургуулийн тэтгэлгийн шалгалтанд орохоор болов. Нэрээ бүртгүүлчихээд буцаж явахдаа тэнцэх нь байтугай шалгалтандаа ч ороогүй мөртлөө Японд очвол ямар мэргэжлээр суралцаж, юу хийх тухайгаа мөрөөдөн мөрөөдсөөр харилаа.
Шалгалтын ерөнхий танилцуулгыг уншихад миний хамгийн сайн чаддаг хоёр хичээл. Амархаан дөнгөчихнө гэж өөрийгөө санасандаа өмнөх өдөр нь номоо хальтхан гүйлгэж хараад л орчихов. Гэтэл босго өндөртэй тэтгэлгийн шалгалтан дээр миний огт мэдэхгүй бодлого, дүрмүүд ирж, би “хөөрхөн харагдсан” хариултуудыг нь буудахаас өөр аргагүй байдалд орлоо. Тэгсэн ч найдлага тасарсангүй.
Эхний шатны шалгаруулалтын хариу гарч, шалгалтанд тэнцсэн хүүхдүүдийн нэрс ханан дээр хадагдлаа. Үүнийг сонсмогцоо найзуудаасаа түрүүлэн гүйж очоод, жагсааж бичсэн 30 нэр дундаас өөрийнхийгөө хуруу даран хайв. Цаасны төгсгөл рүү ойртох тусам зүрхний цохилт хурдасч, духаар хөлс дааварлах шиг болсоор... гэвч дуустал нь уншсан ч миний нэр байсангүй. Эргэн тойронд минь “Би тэнцчихжээ” гэсэн баярын дуунууд хадаж, сайхан мэдээгээ гэрийнхэндээ дуулгахаар хүүхдүүд яарцгаана. Итгэл найдвар нь “хөсөрдсөн” би гэдэг хүн орчлонгийн төгсгөл ирсэн мэт урвайж, хүсэл мөрөөдөл талаар өнгөрлөө гэсэн бодолдоо дарагдан сургууль руугаа эргээд алхлаа. Өөдөөс найзууд маань ирж явна. Намайг хармагцаа гүйж ирээд тэнцсэн эсэхийг минь асуухад нь би бараг л уйлах шахсан хоолойгоор “Тэнцээгүй” гэж хариуллаа. Нэг найз маань “Шалгах явцад яг алдаа гарсан байх аа” гэж, өөр нэг найз маань “Зүгээр ээ, оюутан болоод ч өгч болдог гэсэн ш дээ” гэх мэтээр тайтгаруулах гэж оролдож байв. Гэтэл миний байгаа байдлыг харсан гурав дахь найз маань “За, чи одоо нээх сүртэй бэлдсэн юм шиг юунд нь урам хугараад байгаа юм?” гэсэн хатуухан үгийг хэлж намайг “хүнд цохилт”-нд оруулах нь тэр. Түүн лүү хартал тэр үнэнгээсээ хэлсэн нь илт.
Тэр үгийг сонсоод орой хүртэл дуугаа хураасан маань гомдсоных биш, ичсэнийх байлаа. Хэдхэн үгээр алдааг маань “базаад” хэлчихсэнд нь нэрэлхэж найзынхаа нүүрийг харахаас ч зовмоор санагдаж байв. Нээрээ л би тэр шалгалтанд бэлдсэн билүү? Нойр хоолоо хасан, хэдэн сар, магадгүй жилийн турш бэлдэж орсон хүүхдүүдтэй барьцан гоморхох шаардлага байгаа гэж үү? Цаг зарцуулаагүй зүйлдээ тийм их өндөр найдлага тавьсан нь өөрөө тэнэг хэрэг юм биш үү? Намайг тэр өдөржин тойрон эргэлдсэн эдгээр асуултууд амьдралаас сурсан энгийн боловч алхам тутамд хэрэгцээтэй сургамж болон үлджээ.
Албан ажилдаа ч, нөхөр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд ч одоог хүртэл энэ сургамж намайг “алгадаад авах” шиг болох үе бий. Нөхөр маань намайг анхаарч халамжлахгүй байгаа юм шиг санагдан гомдоллох гэхэд “Чи өөрөө нөхрийгөө орой ирэхэд нь компьютерийнхээ ард ажлаа хийгээд л сууж байдаг биш гэж үү? Өөрөө цаг зарцуулаагүй зүйлээ яагаад хүснэ вэ?” гэж хэн нэгэн хажуунаас асуух шиг л болдог юм. Жилийн өмнө, 2 ой өнгөрсөн хүүхэд маань хэлд орохгүй удаад байхад нь золтой л урам хугарчихаагүй. Тэр үед “Чи өөрөө хүүхэдтэйгээ байнга ярилцаж, асуулт асууж, үеийнх нь хэлд орсон хүүхдүүдтэй тоглуул л даа. Бүх юм аяндаа болчихдог гэж бодоод байгаа юм биш биз?” хэмээн өөрөө өөрийгөө загнасны ачаар хэдхэн сарын дараа хүүхэд маань ам хуурайгүй байдаг болж билээ. Хэдэн сарын өмнө нэгэн том компанийн төслийг хариуцаж авах уралдаанд цагийг нь тулган бүртгүүлж, нэг хоногийн өмнөөс л presentation бэлдэж оролцоод, үр дүнд нь өөр компанид төслөө алдаж байсан юм. Хэдий бодит байдал дээр манайх өрсөлдөгчөөсөө илт давуу байсан ч, бэлтгэл дутуу байсны уршгаар том боломжийг шүүрч чадаагүй билээ. Тэр үед бухимдах шахахад минь бас л “Чи үүнд цаг зарцуулаагүй шүү дээ” гэдэг том сануулга надад ирж байсан.
Бид өдөр тутамдаа маш олон зүйлд өндөр найдлага тавин амьдардаг. Миний хийсэн ажил тийм амжилт үзүүлэх байх, жилийн эцэст би шилдэг ажилтнаар тодрох байх, хүүхэд маань гарцаагүй онц сурч л таараа, би гайхалтай эхнэр болох биз, нөхөр маань намайг ингэж халамжлах байх гээд л... Дуусашгүй. Өндөр найдлага тавьснаа өөрсдөө ч анзаарахгүй байх нь хүртэл элбэг. Тэгсэн хэрнээ хүсэн хүлээлтээс өөр үр дүн гарахад бид урам хугарч, гонсойж, бухимдаж, буруутгахдаа түргэн. “Яагаад ажил маань амжилт үзүүлсэнгүй вэ?”, “Яагаад хүү маань дунд авчихав аа?”, “Яагаад намайг үнэлэхгүй байна вэ?” гэж асуумаар, ийм үр дүн байж боломгүй мэт санагдана. Гэхдээ асуултаа “Найдлагадаа би өөрөө хангалттай цаг зарцуулсан билүү? Үнэхээр хүссэн шигээ үр дүн хүлээхүйц байж чадлуу?” гэдгээр солиод үзвэл дараагийн алхам шал өөр харагдаж эхэлдэг. Ихэнх тохиолдолд бидний өөрсдийн хичээл зүтгэл л дутсан байдаг юм шүү.
Ирэх долоо хоногоос эхлэн цаг зарцуулаагүй зүйлдээ бүү гонсойгоорой.

Энэ өвлийн загвар

Elie Saab – Энэ өвлийн загварууд

Загвар  | 2015 / 10 / 28
Тэр яг Оросын хааны ордны хувцаслалтаас санаа авсан байх. Магадгүй... бараг л гарцаагүй дээ. Үслэг зах, үслэг нөмрөг, товгор зузаан хээ, улаан цэцгэн хатгамал, дээрээ шигтгээтэй нэхий дээлний санаа өөр хаанаас гарна гэж? Elie Saab-ын ид шидэт өвөл рүү нэвтрэхээсээ өмнө “Би урьд насандаа хааны гүнж байсан байх магадлалтай юу?” гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрвээ “Тийм” гэж хариулвал, тийм өөртөө итгэх итгэл, өөрийгөө дээгүүрт бодох сэдэл эдгээр загваруудыг таашаахад нэн шаардлагатай хүчин зүйл мөн. Бундын хатад минь, ингээд тавтай морил:
Elie Saab – Энэ өвлийн загварууд

Тураах зөвөлгөө

  1. Жингээ бага ч болов хасмаар л байгаа биз дээ? Удаан хугацаагаар дасгал хийж, хоолны дэглэм барих дургүй охиддоо зориулан Заяаз ердөө долоо хоногийн дотор 3 кг турах дэглэмийг бэлтгэлээ. Уу, уу бас дахин уу Гэхдээ юу ч хамаагүй ууна гэсэн үг биш. Цэвэр усыг өдөрт 3 литрээс доошгүй хэмжээгээр уух хэрэгтэй. Дан ус уух онцгүй санагдаж байвал дээр нь бага зэрэг лимоны хүчил, гаа нэмээрэй. Үүнээс гадна рашаан, энержи дринк ууж болно. Эдгээр нь нэг савалгаандаа ихэвчлэн 100 калори агуулдаг. Мэдээж 100 калори илчлэгтэй хоол, хүнсийг бүрэн орлож чадахгүй л дээ. Гэвч гоо сайхан заавал золиос шаарддаг шүү дээ. Дээр дурдсан унднаас бусад төрлийнх нь нүүрстөрөгч, сод ихээр агуулсан байж болзошгүй учир турах дэглэмд тохирохгүй. Гурилан бүтээгдэхүүн идэхийг хориглоно! Зөвхөн гурилан ч биш, цагаан төрлийн буудайнаас гаргаж авсан бүхий л бүтээгдэхүүнээс эрс татгалзах хэрэгтэй. Эдгээр нь таныг хамгийн их хөөлгөдөг "дайсны цэргүүд" байгаа юм. Үүнд цагаан будаа, дээд болон нэгдүгээр зэргийн гурил гэх мэт багтана. Түүнээс гадна маш хурдан шингэдэг тул дахин өлсгөх нь амархан. Тэднийг ногооны салат, жимс зэргээр орлуулж болно. "Эмэгтэй нь дээрээ" байрлалыг сонго Хамтрагчтайгаа дотно харьцаанд орохын хажуугаар тураад авах сайхан байрлал юм. Дунджаар 30 минутанд 144 удаа идэвхтэй хөдөлнө гэсэн үг юм. Дасгал хийснээс өөрцгүй. Өдөрт 36 удаа суниаж, гэдэсний таталт хий Ердөө л долоо хоног шүү дээ! Дасгал нь таны биеийг бүх хэсгээрээ жигд турахад тусална. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд бүх биеэ цэх байрлалтайгаар хийх нь чухал. Энэ нь таны сул хэсгийг чангалж, биеийн галбирыг тань зөв харагдахад тустай. Мөн орой бүр саунд сууж хийгээ гарган, хөлсөө ялгаруулвал үр дүн сайтай. Хагас цаг илүү нойрс Та өдөрт тогтмол хэдэн ч цаг унтдаг байсан, түүнийгээ 30 минутаар уртасгаарай. Бие тань ядарч сульдахгүй, цовоо сэргэлэн байж гэмээнэ та дасгал, дэглэмээ сайн барина. Мөн өглөө сэргэг босох тул, ажилдаа орохын тулд сахар ихтэй кофе уух хэрэггүй болно. Эмэгтэй хүнд 7-8 цаг унтах хамгийн тохиромжтой.